
Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”, “Айвенхоу Майнз Инк Монголиа” ХХК-ий
удирдлагуудаас УИХ-ын дарга, Байнгын хороодын дарга нар, мөн нэр бүхий гишүүдийн нэр дээр итгэмжлэх захидал илгээсэн билээ.Үүнтэй холбоотой олон маргаан өрнөж байсныг ч та санаж буй биз ээ. Тэгвэл уг захидалд УИХ-ын Тамгын Газраас албан ёсоор хариу илгээжээ. Энэ нь нээлттэй ил захидал бөгөөд бүрэн эхээр нь уншигч таньд хүргэе. Захидлын буцах хаяг, төлөөлсөн албан тушаалтан УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болж, гарын үсэг зурсан байна.
“Рио Тинто компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл,
Айвенхоу Майнз компанийн хуулийн асуудал эрхэлсэн
захирал Жон Фониани нар танаа
Та бүхний 2009 оны долдугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын нэр бүхий зарим гишүүдэд ирүүлсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх хувийн итгэмжлэгдсэн захидалтай холбогдох Улсын Их Хурлын гишүүд танилцсан болно.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурал хэлэлцэн тогтоол гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгосон билээ. Ийм болохоор Та бүхний захидалдаа бичсэнчлэн “Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуулт, санаа зовоож буй зүйл” гэгчээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж хариулт өгөх биш, харин Монгол Улсын Засгийн газарт хандаж, санал солилцох боломж нээлттэй болсныг юуны өмнө тэмдэглэе.
Захидлын агуулга, утга санааг бид цаашид олон жил хамтран ажиллах сайн нөхөр, түншийн талаас, мөн Оюу толгойн орд газар нь манай улсын ирээдүйн хөгжилд ач холбогдолтойн үүднээс аль болохоор ойлгохыг хичээж байгаа хэдий ч эл захидалд дурьдсан зарим асуудал нь Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар яригдаж буй зүйлүүдээс илүү их эргэлзээ төрүүлэхэд хүргэхээр бичигдсэнд харамсч байна. Учир нь монгол төрийн тусгаар тогтнол, хөгжлийн замыг хөндлөнгөөс заах гэсэн оролдлого гэж үзэхээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдэд ийнхүү эрээ цээргүй шахалт үзүүлэх болсон нь улс төрийн хийгээд бизнесийн наад захын соёл танай компаниудад дутагдах болсныг илтгэнэ.
0 comments